2016-11-26
Бардам занг зохицуулах
 

Хайр дурлалын харилцаанд бардам занг хаа хүртэл “аваачих” нь зөв бэ?

“Эмэгтэй хүн бардам байх хэрэгтэй” гэдэг үгийг би маш олон найзуудынхаа зөвлөгөөнөөс сонсч байлаа. Гэхдээ үүнийг нь шууд дагахаас өмнө бардам зангаа хэзээ зоргоор нь тавьж хэзээ хойш татах вэ гэдгээ мэддэг байх нь илүү чухал болохыг би бодит амьдралаас хатуу ойлгож авсан даа.

Хайрттайгаа маргалдаж, бардам зангийнхаа “ачаар” огцом уурлаж ямар ч бодлогогүйгээр бусдад сэтгэлээ уудлаж байхдаа хэн нэгний “Сал, Боль” гэсэн зөвлөгөөг дагах нь тийм ч оновчтой шийдэл биш. Ялангуяа хосуудын харилцаан дээр найзуудаасаа зөвлөгөө авах гэж яарахаас өмнө эдгээр зүйлсийг хувьдаа бодолцож үзэх хэрэгтэй.

Чи яагаад бардам зан гаргах болов?
Тэр чамайг үл тоосон уу?
Тэр чамайг юу ч хийж байсан үнэлдэггүй юу?
Чи түүнд тийм ч үнэ цэнэтэй биш юм шиг санагддаг уу?
Эсвэл тэр чамайг хуурч өөр нэгэнтэй харилцаа үүсгэсэн үү?
Хэрвээ энэ асуултанд тийм гэсэн хариулт өгч байгаа бол чиний бардам зан гаргах нь аргагүй. Гэхдээ ахин нэг удаа сайн бодоод үз. “ЧИ ТҮҮНД ХАЙРТАЙ ЮУ?”

Түүнийг өөр нэгэнд алдахыг хүсэхгүй байгаа ч чамайг ингэж үл тоож байгаа нь таалагдахгүй байгаа учраас түүнд ойлгуулахын тулд (өөрөөр хэлбэл хүлээн зөвшөөрөгдөхийн тулд) чи бардам зан гаргаж байгаа. Энэ нь эмэгтэй хүнд байх хэрэгтэй ааш зан ч гэлээ тунг нь тааруулж сурах нь зөв. Хэтэрхий их бардам зан зарим үед эргээд алхах гүүрээ нураачихсан байдаг халтай шүү! Хэрвээ үнэхээр хайртай бол нэг удаа түүнд бүх зүйлийг тайлбарлаж хэлээд ойлгуулж болно. Харин хэд хэдэн удаа хэлээд ч ойлгохгүй байгаа бол энэ нөхцөлд яах аргагүй чиний зэвсэг бол эмэгтэй хүний бардам зан.

Өөр нэгэнтэй харилцаа үүсгэсэн учраас түүнд бардам зангаа үзүүлж салахаар шийдэж байгаа бол чамайг хэн ч эсэргүүцэхгүй. Би ч бас. Гэхдээ амьдралд хүчирхэг эмэгтэй хүн эр хүний явцуу хүсэл шуналыг уучилж илүү ухаалаг байснаар гэр бүлээ аварч үлдсэн түүх олон байдаг.

Бардам зан гаргахаар нөхцөл байдал үүссэн гэж үү?
Үүссэн нөхцөл байдлын ноцтой эсэхийг 5 одоор дүгнэх юм бол энэ удаагийн түүний гаргасан асуудал хэдэн одтой вэ? Хэрвээ 4 эсвэл шууд л 5 авч байгаа бол эргэлзэх хэрэггүй нөхцөл байдал үүссэн байна хэмээн дүгнэж болно. Тэр чамайг доромжилсон эсвэл өөр хүнтэй харилцаа үүсгэсэн бололтой. Хэрвээ үүнээс өөр шалтгаан байгаа бол сайтар тунгаан бодох хэрэгтэй шүү! Бардам зан гаргахдаа эмэгтэйчүүд эрчүүдийг хумхын тоос шиг л үзэж ямар ч эр зориггүй, ухаангүй болтол нь галзууруулах шахдаг. Зарим эрчүүд бүх зүйл эргээд хэвэндээ орохыг хүлээдэг бол зарим нь өөртөө байгаа хамаг дариа шатаачихсан сууж байдаг. Харин энэ байдал удах тусам тэр аөр харилцаанд бэлэн болчихсон байж байдаг. Эр хүнийг ойлгохыг хүсвэл “Эрэгтэй хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх вэ?” гэдэг ном авч унш гэж манай нэг уншигч сэтгэгдэл үлдээсэн байсан нь тийм ч оргүй үг биш юм. Тиймээс өөрөөсөө бардам зан гаргахаар нөхцөл байдал үнэхээр үүссэн эсэхийг дахин нэг асуугаад бат суурьтай болох хэрэгтэй шүү.

Чи түүний бардам занг тэсвэрлэж чадах уу?
Хэрвээ та хоёрын дунд үүссэн нөхцөл байдалд тэр биш чи буруутай байсан бол яах вэ гэж бодоод үз дээ! Яг чиний гаргадаг бардам занг тэр гаргавал чи тэсч чадах уу? Чиний бодлоор тийм ч сүртэй зүйл биш байтал тэр сүржигнэж чамайг өөрийг нь хуурсан мэт л аашилж үг ч дуугарахгүй, хүн ч гэж тоож хэлэлцэхгүй, муухай үгсээр хэлэх юм бол чи тэсэх үү? Зүгээр л арван жилийн эрэгтэй найзтайгаа таараад кафе шопт ороод суусны төлөө тэр чамайг хардаж өөдгүй хуурамч амьтан гэж хэлэх юм бол чамд ямар санагдах вэ? Яг ийм үед чиний гаргадаг ааш авирыг хайртай залуу чинь гаргавал чи тэсвэрлэж чадах уу?

Та хоёрын харилцаа үүгээр дуусвал чи харамсах уу?
Магадгүй хэтэрсэн их бардам зангаас болж хэрүүл улам ширүүсч, харилцааг чинь эцэслэхэд хүрэх юм бол чи харамсах уу? Эрчүүд хэзээд л мэдрэмжгүй байсаар ирсэн. Чамтай адилхан эсвэл чиний бодлыг уншдаг эр хүн гарч ирээд утсан хүүхэлдэй шиг амьдарч чадахгүй. Эрчүүд угаасаа л биднээс тэс өөр. Тэд бүр гялалзсан алтан сарнай хараад үзэсгэлэн гоог нь хэзээ ч бидэн шиг шагшихгүй. Биднийг сайхан гэж хэлэх үед л тэд алтны тухай бодлоо толгойноосоо авч цэцэг гэдгийг хардаг хүмүүс юм. Бид ийм л өөр ертөнцүүд. Гэхдээ тэдэнд хайрыг мэдрүүлэх юм бол тэд хэзээ ч тэр цэцгийг таслалгүй хайрлаж чиний төлөө хүлэмж тарихад ч бэлэн байдаг улс. Тийм учраас л бид тэдэнд дурладаг юм шүү дээ. Гэхдээ та хоёр ойлголцож чадалгүй тарьсан хүлэмжээ эвдэх гэж байгаа бол эмэгтэй хүн илүү ухаан гаргаж ядаж хүлэмжээ аварч үлдэх хэрэгтэй. Тиймээс л би асуугаад байгаа юм. Та хоёрын харилцаа үүгээр дуусвал чи харамсах уу? Бүр цаг хугацаа өнгөрч аль аль нь огт өөр өөр цэцэг, жимстэй хүлэмжин дотор нэг нэгнээ хараад зогсохдоо өнгөрсөнд гаргасан алдаандаа харамсах болов уу? Чи түүнийг алдсан мэт мэдрэмж төрж, болдог бол өнгөрсөндөө очоод бүгдийг шинээр эхлүүлэх юмсан гэсэн бодол толгойд чинь орж ирэх үед дэндүү оройтсон байх вий л гэж чамдаа хэлэх гэсэн юм. Тиймээс яг одоо өөрийнхөө гаргаж байгаа бардам занг түр хойш тавиад түүнд чамайг зовоож байгаа бүх зүйлийг нэг бүрчлэн хэлээд тайвшир. Харин дараа нь бардам зан гаргахад хэзээ ч оройтохгүй.

Бичсэн: Druggist Jargal | цаг: 18:35 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax