Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь шаардлагатай тохиолдолд эмч, эм зүйчийн заавар, зөвлөмжийн дагуу тухайн хүний нас, биеийн онцлог, өвчинд тохирох эмийг зохих тун хэмжээгээр тодорхой хугацаагаар хэрэглэхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл клиникийн шаардлагын дагуу эмчлүүлэгчийн онцлогт тохирох эмийг, зохистой тунгаар, зөв цаг хугацаанд хэрэглэх явдал юм. Эмийн зохистой хэрэглээнд эмч, эм зүйчээс гадна эмчлүүлэгч чухал үүрэг гүйцэтгэнэ.
- Аливаа өвчин эмгэгийн үед эмчид хандан зөвлөгөө авч, эмийг эмчийн зөвлөсөн тунгаар, хэрэглэх цагийг нарийн баримтлан, зөвлөсөн хоногийн турш зөв хэрэглэх нь чухал.
- Эмчид үзүүлэхээс өмнө ямар нэгэн эм хэрэглэж эхэлсэн бол эмчид үзүүлэхдээ түүнд заавал мэдэгдээрэй. Энэ талаар мэдээлэл өгөөгүйгээс хамт хэрэглэхийг хориглосон эмийг нэг дор хэрэглэх, ижил үйлдэлтэй эмийг хавсран хэрэглэснээс тун хэтрэх зэрэг сөрөг нөлөө гарч болно.
- Эмийн сангаас жоргүй олгодог эмийг авч хэрэглэж болох боловч түүнийг аюулгүй хэрэглэхийн тулд эмийн мэргэжилтнээс тухайн эмийн хэрэглэх зааврыг сайн асуух хэрэгтэй. Тухайн эмийн эмчилгээний үйлдэл, үндсэн үйлчлэгч бодис, хэрэглэх заавар (өдөрт ямар тунгаар хэдэн удаа, хэд хоног хэрэглэх, хооллолттой хэрхэн зохицуулах), гаж нөлөө, цээрлэлийн талаар тодорхой мэдээлэл авсны дараа хэрэглээрэй.
- Аэрозоль, лаа, дусаалга зэрэг хэрэглэх онцлог арга шаарддаг эмийг хэрхэн хэрэглэх талаар эмийн мэргэжилтнээс сайн асуух хэрэгтэй.
- Хэтэрхий олон эмийг нэг дор хэрэглэвэл эмийн гаж нөлөө ихсэх, харилцан үйлчлэлийн улмаас эмчилгээний үр дүнд нөлөөлж болох тул зөвхөн шаардлагатай цөөн эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх нь зүйтэй.
- Эмийг тодорхой хугацаагаар хэрэглэхэд өвчний зарим шинж тэмдэг арилсан ч заасан хугацааны турш дуустал хэрэглээрэй.
- Нярай болон бага насны хүүхэд, настанд эм хэрэглэхэд тунг нарийн тохируулах шаардлагатай тул эмчээс зөвлөгөө авч хэрэглэх шаардлагатай.
- Жирэмсэн болон хөхүүл эхийн хэрэглэсэн эм ураг болон хүүхдэд сөрөг хортой нөлөө үзүүлж болох тул эмчийн заавраар хэрэглээрэй.
- Эмийг хэрэглэх явцад ямар нэг гаж нөлөө (гаж нөлөө хэсгийг харна уу) илэрвэл эмчид даруй мэдэгдэж шаардлагатай арга хэмжээг авах нь зүйтэй.
- Эмийг буруу хадгалснаас хугацаа нь дуусаагүй боловч чанараа алдан эмчилгээний үйлдэл буурснаас эмчилгээ үр дүнгүй болох, зарим тохиолдолд хортой нэгдэл үүссэнээс эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг тул эмийг шошгон дээр нь заасан нөхцөлд зөв хадгалаарай.